“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Улаанбаатар хотод нээлээ
Ард иргэдийнхээ хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тэр дундаа ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан эхлүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж буй. Тэгвэл энэхүү хөдөлгөөнийг өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод нээлээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ирэх таван жилийн хугацаанд хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн хүн амыг хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хангах талаар баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд танилцуулав. Тэрбээр “Өсөн нэмэгдэж байгаа хүнсний эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодоос хангах, импортын бүтээгдэхүүний хамаарлыг бууруулах, хүнсний сүлжээний бүхий л үе шат бүрд аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах нь чухал. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг 21 аймаг, 330 сумаас нийслэлд нийлүүлдэг. Энэ утгаараа нийслэл нь Монгол Улсын эдийн засгийн гол төв бөгөөд улсын хэмжээнд хүнсний хангамжийн нийлүүлэлт, түгээлтийн гол зангилаа. Тиймээс ч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүнс экспортлогч улс болох зорилтыг хангахад манлайлан оролцох болно” хэмээн мэдэгдсэн юм.
Түүнчлэн Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва “Улаанбаатар хотын хүнсний хангамжийн өнөөгийн байдал”, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг оролцогчдод танилцуулав.
Нийслэлд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хамгийн ихээр бэлтгэн нийлүүлж, мах, сүү, үр тариа, хүнсний ногооны хэрэгцээг голлон хангаж буй стратегийн ач холбогдол бүхий бүс нутаг болох Төв, Булган, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нар тус арга хэмжээнд оролцож, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар саналаа илэрхийлсэн. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Хүнсний ногоо, үр тариа, мах, сүү зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэгч аймгийн хувьд хүн амыг эрүүл, аюулгүй, сайн чанарын хүнсээр хангах үүднээс энэхүү хөдөлгөөнд манлайлан оролцоно. Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн хүнсний ногоо, үр тариа, мах, сүүний нэлээд хувийг Сэлэнгэ аймаг нийлүүлдэг. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зоорь, байгууламж, сав баглаа боодол нийлүүлэх зэрэг чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бие биенээ дэмжин ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллага, компаниудад уриалж байна” гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НЗДТГ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, үйлдвэрлэл эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын төлөөлөл 1200 гаруй зочин, төлөөлөгч оролцсон юм. Түүнчлэн энэ арга хэмжээний үеэр хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч, хүнс үйлдвэрлэгч үндэсний компаниуд бүтээгдэхүүнийхээ дээжээс олон нийтэд танилцуулсан.
Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл